Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Хангайн бүсийн зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан шүд болон дотор өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг 2026 оны 09 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрүүдэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагааны хүрээнд:
675 хүүхэд шүдний үзлэг, оношилгоо, эмчилгээнд,
1,800 хүүхэд, насанд хүрэгчид дотор өвчний үзлэг, оношилгоонд хамрагдаж,
нийт 2,475 иргэн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүллээ.
Үзлэг, оношилгоо, эмчилгээний үйл ажиллагааг БНСУ-ын Грийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй нягт хамтран, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлсэн бөгөөд иргэдэд мэргэжлийн зөвлөгөө, шаардлагатай оношилгоо, эмчилгээ, цаашид анхаарах эрүүл мэндийн зөвлөмжийг өгч ажиллалаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Хангайн бүсийн зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Үзлэгт хамрагдсан иргэдийн зүгээс эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлага, үзлэгийн зохион байгуулалтад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, талархал, сэтгэгдлээ хуваалцсан байна.
БНСУ-ын Грийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон хамтран ажилласан БОЭТ-ийн нийт эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажил, хамтын ажиллагаанд нь амжилт хүсье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН БҮРД — ХАМТДАА!
БОЭТӨВИЙН ЗАХИРГАА